
Барилгын салбарын ирээдүй болсон залуу инженерүүдийн мэдлэг, ур чадварыг хөгжүүлэх зорилготой “Ган гүүр – 2026” оюутны туршилт судалгаа, эрдэм шинжилгээний хурал, тэмцээн 2026 оны 4 дүгээр сарын 17–18-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.

Тэмцээнд ШУТИС-ийн БАС-ийн 8, Техник, Технологийн Их Сургуулийн 3, Шинэ Монгол Технологийн Их Сургуулийн 1, ШУТИС-ийн ДаТС-ийн 2 баг нийт 14 багийн 112 оюутан өөрсдийн мэдлэг, чадвараар өрсөлдсөн билээ.

“Ган гүүр 2026” тэмцээний дүрмийн дагуу 4.2 м урттай, 60см өргөнтэй, энгийн тулгууртай гүүрийг төсөллөж, барилгын гангаар бүтээж, тэмцээний талбайд угсарч, ачаалж өрсөлдөн онолын мэдлэгээ практикт бататгасан нь тэмцээний онцлог байв.

Оюутан залууст инженерийн шийдэл, бүтээцийн тооцоо, угсралтын технологи, багийн ажиллагаа зэрэг олон талт ур чадварыг хөгжүүлэх үнэ цэнтэй боломжийг олгосон, мөн бидний ирээдүй хойч үедээ үлгэрлэж, тэднийг дэмжих боломжийг олгосон ШУТИС-БАС Барилгын Инженерчлэлийн тэнхимийн эрдэмтэн багш нарт талархал илэрхийлье.

Барилгын салбарын тогтвортой хөгжил нь чадварлаг, бүтээлч инженерүүдээс эхэлнэ.
Манай "Эфэс констракшн" ХХК боловсрол, судалгаа, инновацыг дэмжсэн үйл ажиллагаанд цаашид ч идэвхтэй оролцож, салбарын хөгжлийг хамтдаа бүтээхэд нээлттэй байх болно.